Кино урлаг

Ганц ангит хамгийн гоё солонгос кинонууд

Өмнөд Солонгосын нэг ангит уран сайхны кинонууд олон ангит киногоо бодвол илүү утга учиртай үзэхэд ч “урамтай” байдаг.

Урамтай гэж тодорхойлохын учир нь сор бүтээлүүд нь ухаарал хайрласан, хайрын үнэ цэнийг мэдрүүлсэн, “жинхэнэ кино” үзсэн юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гээд давуу тал олонтой.

Галан дундах 71 ( 71 into the fire )

Өмнөд Солонгосын алдарт найруулагч John H.Lee-гийн нэгэн шилдэг бүтээл болох “Галан дундах 71” кино нь гарсан даруйдаа маш олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл байсан юм. 1950.8.11-ний өдөр бичигдсэн Ий Үгэн (Lee Woogan) хүүгийн захидал 60 жилийн дараа олдсон ба уг захидлаас сэдэвлэн Нагдун (Nakdong) голыг хамгаалахаар байлдсан 71 сурагчийн тухай кино ажээ. Ий Үгэн хүүгийн захианд байсан “Ээж ээ, хүмүүс яагаад дайн хийдэг юм бэ?” гэсэн асуултад дэлхий нийт одоог хүртэл хариулт өгч чадаагүй юм.
Хоёр Солонгосын дайны үед Өмнөд Солонгос цэргийн тоогоор дутмаг байсан тул сурагчдыг дайнд татан оролцуулдаг. Ингээд 71 сурагч Нагдун голыг хамгаалахаар хэрхэн тэмцэж буй тухай кинонд өгүүлдэг. 2010 оны зургадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн уг кино нь гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд кино шүүмжлэгчид “Дайныг тод томруунаар дүрсэлж чадсан сэдэвтэй шилдэг кино яахын аргагүй мөн. Бас залуу үеийнхэнд маш том сургамж болж чадахаар төдийгүй хүмүүсийн анзаардаггүй тэр түүхийн нэгэн хэсгийг бодитоор харуулж чаджээ” хэмээн дүгнэсэн ажээ.

Нархан (Sunny)

2011 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн уг кино сарын дараа гэхэд 5 сая хувь тасалбар борлуулсан бөгөөд наймдугаар сар гэхэд аль хэдийнээ 7,3 сая тасалбар борлуулж Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн тасалбар борлуулсан кинонуудаас 11-т бичигдсэн байна.

Бүдүүн мисс (200 pounds beauty)

Кан Ханна (Kang Hanna ) бол алдарт дуучин Амми (Ammy)-гийн тайзны ард дуулдаг гайхалтай хоолойтой сайхан сэтгэлтэй, илүүдэл жинтэй бүсгүй юм. Түүний хоолойг сонссон хэн боловч татагдахгүй байхын аргагүй бөгөөд Амми ам барьж Ханнагийн хоолойг ашигладаг байжээ. Харин Сонжүн бол Ханнад үргэлж анхаарал халамж тавьдаг нэгэн бөгөөд төрсөн өдөртөө Ханнаг урьдаг. Сонжүн Ханнаг авъяастай хэдий ч , царай муутай, тарган эмэгтэй хэмээн Аммитай ярьж буйг тэр сонссоноор цаашид Ханна гоо үзэсгэлэнтэй алдартай эмэгтэй болон хувирч буй тухай өгүүлэх бөгөөд 2009 оны хамгийн олон үзэгчтэй киногоор нэрлэгдэж байжээ. Уг кино $42,013,016 ам.долларын ашиг орлоготой ажилласан байна.

Миний дэггүй охин (My Sassy girl)

Энэхүү кинонд Хусик Ким (Hosik Kim) гэх залуу өөрийн хайр дурлалын талаар өгүүлж буй тухай гардаг бөгөөд инээдмийн хайр, дурлалын төрөлд хамаарагдах аж. Хусик анх хайртай эмэгтэйтэйгээ хоёр жилийн өмнө учирсан тэр газраа зогсож түүнийгээ хүлээж буйгаар кино эхлэх бөгөөд киноны туршид тэдний хайрын хөгжилтэй түүхийн тухай гардаг байна. Уг кино тухайн үедээ маш алдартай байсан тул 2008 онд Америк хувилбар нь гарсан ба 2016 онд Өмнөд Солонгос, БНХАУ хамтран ‘My new sassy girl’ киноны нээлтийг хийсэн байна. Дашрамд сонирхуулахад Солонгосын олон ангит кинонууд маш олон дуутай байдаг билээ. Уг кино 21 дуутай буюу OST-тэй аж.

Миний эхнэрийн тухай (All about my wife)

Духён Жонин нар гэрлээд долоон жил болсон бөгөөд Духён өөрийн эхнэрээс салахыг хүсдэг. Түүний эхнэр үзэсгэлэнтэй бас гайхалтай эмэгтэй. Гэвч тэд сүүлийн жилүүдэд маш их муудалцаж, эхнэрийнх нь хийж буй үйлдэл түүнд таалагдахаа больсноор түүнээс салахын тулд бүхий л аргыг хэрэглэнэ. Энэхүү кино нь “Хүн өөрийнхөө хамгийн чухал зүйлийг алдсаныхаа дараа л ухаардаг” гэдгийг харуулж чадсан гайхалтай бүтээл бөгөөд 2012 оны Өмнөд Солонгосын шилдэг романтик инээдмийн киногоор шалгарч байжээ.

Амьнаас илүү амь (Taekgukgi)

Гол дүрд Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчид болох Вон Бин, Жан Дунгон нар тоглосон бөгөөд Солонгосын иргэний д.а.й.н.ы үеийн ах дүүгийн амьдрал тэдний бие биенээ гэх хайрыг шингээсэн гайхалтай уран бүтээл юм. Энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийг шуугиулж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэг шинэ хуудас бичилцсэн юм. Уг киног 11.74 сая хүн үзсэн бөгөөд энэ бол тухайн үедээ санаанд оромгүй амжилт байжээ. Мөн “50 дахь удаагийн Asia Pacific Film Festival”-ийн “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” зэрэг нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ

Чононхүү (A Werewolf boy)

Америкийн нэгдсэн улсад амьдардаг 60-аад настай Ким Сони (Kim sun yi) гэх эмэгтэй нэгэн өдөр өөрийн хуучин гэр буюу Өмнөд Солонгост байх байшинг нь худалдаж авъя гэсэн дуудлага хүлээж авна. Ингээд ач охин Инжү (Eunjoo)-гийн хамтаар өөрийн өсвөр насандаа буюу 47 жилийн өмнө амьдарч байсан гэртээ ирснээр киноны үйл явдал эхэлдэг байна. Уг кинонд алдарт жүжигчин Сун Жүнги болон Паг Буёон нар гол дүр бүтээсэн бөгөөд ухаалаг, үзэсгэлэнтэй охин Сон и болон чононхүү нарын хайр дурлалын тухай өгүүлдэг дэлгэцийн шилдэг бүтээл юм.

Найз (Friend)

Үргэлжлэх хугацаа: 113 минутМафийн толгойлогчийн хүү Жүнсог, авсчины хүү Дунсо, ангийн алиалагч Жонху болон ангийн шилдэг сурагч Сантэг нарын нөхөрлөлийн тухай өгүүлэх уг киног үзээд маш олон зүйлийг ойлгож авах биз ээ. Багаасаа л зүү орох зайгүй найзалсан тэдний хувьд өсөж томрох тусам амьдрах орчин, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж нэг л мэдэхэд Жүнсог аавынхаа ажлыг өвлөн авч, харин Дунсо түүний эсрэг бүлгэмд нэгдсэнээр киноны үйл явдал өрнөх аж.

Долдугаар өрөөний бэлэг (Miracle in cell no.7)

Бяцхан ухаалаг охин Еэсын (Yeseung) аавынхаа хамтаар амьдардаг ба түүний аав бага зэрэг сэтгэцийн эмгэгтэй. Хэдий тийм боловч тэр охиндоо хязгааргүй их хайртай. Нэгэн өдөр тэд гадуур явж байгаад шар өнгөтэй SailorMoon үүргэвч байхыг хараад аав нь маргааш цалин нь буух учраас заавал худалдаж авч өгнө хэмээн амлаад гэртээ харьцгаадаг. Ингээд аав нь цалингаа аваад цүнхийг нь авч өгөх гэтэл цагдаагийн газрын даргын охин худалдаж авдаг. Маргааш нь ажлаа тараад явж байтал өнөөх цүнхийг авсан охин өөр хаана байдгийг мэдэх учир зааж өгнө хэмээн аавыг нь дагуулж явж байгаад халтирч унан, дээрээс нь тоосго унаж нас бардаг бөгөөд үүнээс киноны бүх үйл явдал эхэлдэг. Маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уг киноноос бид аав хүний хүүхдээ гэх агуу хайрыг олж харж болох юм. “Долдугаар өрөөний бэлэг” кино нь нээлтээ хийгээд 46 хоногийн дотор 12 сая үзэгчтэй болсон бөгөөд Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тавдугаар байранд бичигдсэн юм.

Сонгодог (The Classic)

Найруулагч Кваг Жэюуны нэгэн алдартай бүтээл бол “Миний дэггүй охин” уран сайхны кино билээ. Үүний дараа нээлтээ хийсэн “Сонгодог” уран бүтээл нь мөн л дутахааргүй алдартай болсон бөгөөд гол дүрд тоглосон жүжигчин Сун Еэжин (Son Yejin) 2003 оны ‘Grand Bell Awards’ болон ‘Baeksang Arts Awards’-аас “Шилдэг шинэ жүжигчин” шагналыг хүртэж 2004 оны “Хонг Конгийн кино наадам”-д “Азийн шилдэг уран бүтээл” төрөлд нэр дэвшсэн байна. Дунд сургуулийн, өсвөр насныхны амьдрал энэхүү кинон дээр тод томруунаар гарна. Цэвэр ариухан хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнэ, урьдчилж тааварлашгүй амьдарлын заяа төөрөг гээд олон зүйлийн утга санааг харуулахыг зорьжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button