Сонин содон

Халуухан бүжигээрээ олны нүдийг унагасан бүжигчин Б.Халиун…

“Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг ням гараг бүрийн үдэш биднийг зурагтын өмнө суулгаж, бүжгийн урлагийг гайхан шагших боломж олгож байгаа билээ. Тус нэвтрүүлгийн оролцогч, бүжигчин, МУСТА, олноо сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчирын бүжгийн хамтрагч гэдгээрээ танигдсан Б.Халиуныг энэ удаагийн ярилцлагын буландаа онцоллоо. Тэрээр өндөр өсгийттэй бүжиглэх бүжгийн урлагийг Монгол Улсад хөгжүүлж буй нэгэн юм.

Уншигчдад маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

  • Сайн байцгаана уу? Намайг Баасанжавын Халиун гэдэг. “Mongolia Entertainment” хамтлагийн бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажилладаг. Мөн өндөр өсгийттэй бүжгийн төрлийг Монгол Улсад хөгжүүлэхээр ажиллаж байна.

Яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ?

  • Би цэцэрлэгт байхаасаа л бүжиглэсэн. Багадаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байлаа. Аав маань намайг 2007 онд Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид шалгалт өгөхийг санал болгож, тухайн жилдээ элсэн орж, 2012 онд ардын бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ Үндэсний урлагийн их театрт хоёр жил гаруй хугацаанд ажилласан.

Их халуухан, эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг бүжиг юм шиг санагддаг. Уг бүжгийн гол онцлог юу вэ? Өндөр өсгийт дээр бүжих биеийн галбир, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

  • Эмэгтэй хүн гэдгээ мэдрэхээс гадна өөртөө итгэх итгэл болон төгс бие галбиртай болох боломжийг олгодог. Мөн сургалтад суусан бүсгүйчүүдээ харахад их дайчин, эрч хүчтэй болдог юм шиг. Нүдэнд нь гал дүрэлзээд л, хэлж ярьж байгаа зүйлс, алхаа гишгээ нь хүртэл өөрчлөгддөг. Өндөр өсгийттэй бүжгийн үндсэн суурь дасгалууд гэж бий. Уг дасгал биеийн галбир засдагаараа онцлогтой.

Хол газар өсгийттэй алхах хэцүү байдаг. Тэгэхэд бүжиглэнэ гэдэг бүр хүнд санагдах юм. Өндөр өсгийт дээр алхаж чаддаггүй хүн ирдэг үү, хэрэв тийм хүн байвал эхлээд алхаж сургадаг уу?

  • Өндөр өсгийт дээр алхаж сурч буй охид өөрт тохирсон намхан гутал өмсөх нь зүйтэй. Бүжигт таваас найман сантиметр өсгийттэй байхад хангалттай. Үүнээс өндөр байвал алхахад хэцүү. Таваас найман сантиметрийн өсгийт дээр хоёр цагийн хугацаанд дасгал хангалттай хийж, алхаж чадна. Манай сургалтад хамрагддаг хүмүүс анхнаасаа л ийм хэмжээтэй өсгийт дээр дасгал хийж сурдаг. Ямар нэгэн асуудал гардаггүй.

Бүжиглэхээс гадна боксоор хичээллэдэг юм билээ. Сайхан биетэй байхын нууц нь дан ганц бүжиглэх биш бололтой.

  • Кик боксоор хичээллээд хоёр жил болж байна. Кик бокс хурд хүч, дайчин чанарыг маань сэргээж, эрч хүчтэй болгодог. Мөн ачаалал даах чадварыг нэмдэг учраас хичээллэх дуртай. Жингээ барихад ч их тусалдаг.

Төрсний дараа зарим бүсгүйчүүдэд турах асуудал тулгардаг. Танд ийм асуудал тулгарсан уу эсвэл байнга дасгал, бэлтгэлтэй байдаг учраас тойроод өнгөрсөн үү?

  • Би төрөөд 20 гаруй килограмм нэмсэн. Энэ байнга хөдөлгөөнтэй байж байгаад гэнэт хэвтрийн дэглэм сахисантай минь холбоотой. Төрсний дараа хүүхдээ дөрвөн сартай байхаас нь тоглолтод орж, бэлтгэл хийж эхэлсэн. Жилийн дотор маш их хөдөлмөрлөж байж хуучин жиндээ дөхөж очсон доо. Одоо ч бие маань өмнөх шигээ биш. Гэхдээ аль болох чанга биетэй байх гэж хичээж, дуртай зүйлүүдээрээ хичээллэсээр байна.

Сайхан бие галбиртай болохоор хөдөлмөрлөж буй охид бүсгүйчүүдэд зориулж зөвлөгөө өгөөч?

  • Турахын тулд хоолоо битгий сойгоорой. Зөв хооллолт илүү чухал бөгөөд дасгал байнга хийж хэвших хэрэгтэй. Мөн өөртөө тодорхой зорилго тавиад, түүндээ хүрэхийн төлөө зүтгээрэй.

Related Articles

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button