Сонин содон

BTS: эр хүн булчинлаг эршүүд байх нь хоцрогдсон…

Кпоп хөгжмийг дэлхий дахинд сурталчлан таниулж буй BTS хамтлагийг 64 жилийн түүхтэй Rolling Stone сэтгүүлээс зургадугаар сарын дугаартаа онцолжээ. Энэ нь Ази хамтлаг уг сэтгүүлийн нүүрэн дээр гарч буй анхны тохиолдол болж байгаа юм байна тэгвэл та бүхэндээ уг сэтгүүлийн ярилцлагыг хүргэж байна…

Rollingstone: BTS хамтлаг өнгөрсөн онд “Dynamite” хэмээх англи хэл дээрх анхны уран бүтээлээ гаргаж АНУ-ын хөгжмийн зах зээлд хүч түрэн орж ирсэн юм. БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in тэдний уран бүтээл Billboard чартын нэгдүгээрт бичигдсэнд баяр хүргэсэн нь олны анхаарлыг татжээ.

RM: Бид АНУ-ын хөгжмийн зах зээлд хөл тавьснаар энэ бүх амжилтыг мэдэрч байна. Ер нь гэрэл байгаа газар харанхуй ч бас оршдог. Гадаад хүмүүсийг үзэн яддаг хэсэг бүлэг хүн байхад дэмждэг хүмүүс ч бий. Иймээс АНУ-ын хөгжмийн ертөнцөд амжилттай яваа маань бидний хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал.

Rollingstone: Яг одоо RM Сөүл хотод байрлах HYBE компанийнхаа байран дээр “Fear of God” брэндийн хар малгайтай цамц өмсчихсөн сууж байна. BTS хамтлаг Америкийн шоу нэвтрүүлэгт оролцох үед RM орчуулагчийн ажлыг давхар хийдэг. Тэрээр “Friends” цувралыг үзэж л англи хэлээр сайн ярьж сурсан гэдэг. RM хэдийгээр алдартай их сургуульд тэнцсэн ч Epik High хамтлагийн шүтэн бишрэгч болсноор кпоп ертөнцөд хөл тавих хүсэлтэй болжээ. Ийнхүү Big Hit (одоогийн HYBE) энтертайнментийг үүсгэн байгуулагч Bang Si-hyuk 2010 онд RM-тай танилцаж гэрээ байгуулснаар гайхамшигт BTS хамтлагийн эхлэл тавигдсан байна. Bang Si-hyuk “Би анх RM-тай уулзаад хөгжмийн авьяас, бүтээлч сэтгэлгээг нь хүлээн зөвшөөрч, мундаг уран бүтээлч болтол нь дэмжих ёстой гэдгээ ойлгосон”хэмээн ярьж байсан удаатай.

BTS хамтлаг байгуулагдах үеэр Кпоп ертөнцөд YG, SM, JYP гэх гурван компани давамгайлж байсан бөгөөд тэдний хажууд Big Hit жижигхэн, гарааны компани байв. Харин одоо BTS хамтлагийн ачаар дэлхийд цуутай томоохон корпораци болжээ.

RM-ийг авсны дараа Suga, J-hope, Jungkook, V, Jimin, Jin гэсэн зургаан гишүүн орж ирснээр BTS хамтлаг байгуулагджээ. Сонирхуулан хэлэхэд тус хамтлагийн хамгийн залуу гишүүн Jungkook-ийн Big Hit энтертайнментийг сонгосон шалтгаан нь RM байсан гэдэг.

Jungkook: Би тухайн үед дуучин байх тухай тийм ч их зүйл мэддэггүй байлаа. Гэхдээ RM-ийн реп хийж байхыг харах гайхалтай байсан. Тиймээс би энэ бүхэн жинхэнэ хувь тавилан гэдэгт итгэдэг.

Rollingstone: RM-ийн дараа BTS хамтлагт элссэн гишүүд бол Suga, J-Hope нар байв. Suga мөн л Epik High хамтлагийн шүтэн бишрэгч байсан бөгөөд өөрөө ч реп хийх хэмжээний чадварлаг нэгэн боловч эцэг эх нь энэ урсгалд дургүй байв.

Suga: Манай эцэг эх хип хоп урсгалыг ойлгодоггүй байсан. Тэд миний хийж байгаа зүйлд анхаарал тавих нь зүйн хэрэг. Магадгүй тэдний эсэргүүцэл намайг хичээнгүйлэн ажиллахад хүргэсэн байх.

Rollingstone: Энэ хамтлагийн бусдыг нар шиг элчээрээ төөнөж байдаг гишүүн бол J-Hope. Тэрээр чадварлаг бүжигчин, реппэр юм.

J-Hope: Намайг анх дадлагажигч болж ирэхэд бүх гишүүд реп хийдэг байсан. Бүгд л өөрсдийн хэмнэлээр үглэдэг байсан болохоор дасан зохицоход амаргүй байсан шүү.

V: Миний бодлоор J-Hope ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахуйц хэмжээний хүн.

RM: Хэрвээ тэр нэр дэвших юм бол хамгийн багадаа зургаан санал авна.

Rollingstone: BTS хамтлагийн бүжигчин, сайхан хоолой, төгс үзүүлбэрийн эзэн Jimin.

Jimin: Бүжиг бол миний дотоод ертөнц, миний жинхэнэ орон зай. Шүтэн бишрэгчдийнхээ төлөө алдаа гаргах ёсгүй гэж боддог.

Rollingstone: Тэрээр бүжигт хайртай ч түүний зүрх сэтгэл хамтлагтайгаа нягт холбоотой.

Jimin: Бид анх уулзахдаа тэс өөр хүмүүс байсан. Мэдээж маргалдах энүүхэнд. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биендээ дасаж эхэлсэн. Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа биднийг нэг гэр бүл болгосон. Хүн бүрд хаашаа ч явсан эргээд л ирдэг нэг газар байдаг даа, манай хамтлаг надад яг ийм мэдрэмж төрүүлдэг.

Rollingstone: BTS хамтлаг тайзан дээр шүтэн бишрэгчидтэйгээ ярилцаж байхдаа нулимс дуслуулах үе цөөнгүй ажиглагддаг.

RM: Эр хүн булчинлаг, тэр хэрээрээ тэсвэр хатуужилтай байх ёстой гэдэг нь хоцрогдсон ойлголт. Гэхдээ энэ тогтсон үнэлэмжийг үгүйсгэх нь бидний зорилго биш. Харин эр хүн “ийм байх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилж байгаадаа баяртай байна. Бид ямар нэг зүйлээр хязгаарлагддаггүй, өөрийнхөөрөө байдаг эрин үед амьдарч байна шүү дээ.

Rollingstone: Өмнөд Солонгосын хуулиар насанд хүрсэн эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах ёстой хэдий ч BTS хамтлагийн амжилтыг харгалзан үзэж тэдний цэргийн албанд татагдах хугацааг хойшлуулсан юм.

Jin: Цэргийн алба хаана гэдэг манай улсын эрчүүдийн хамгийн чухал үүрэг. Тиймээс би цэргийн албанд дуудагдах хүртлээ хичээнгүйлэн ажиллах болно

Rollingstone: Хууль дахиж өөрчлөгдөхгүй л бол хамтлагийнхан нь Jin-гүйгээр хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж магадгүй юм.

Jin: Би бусад гишүүдээ зөв шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм болохоор тэдний юу хийхийг заах нь утгагүй хэрэг. Манай хамтлагийнхан зургаан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэвэл гунигтай байх хэдий ч интернетээр тэднийгээ үзэж, дэмжих болно.

Rollingstone: Suga 28, J-Hope 27, RM 27 хүрэх гэж байгаа тул тэдний ч бас цэрэгт явах нас ойртсон байна. Shinhwa хамтлагийн залуус бүгд цэргийн албаа хааж ирээд дахин уран бүтээл хийж эхэлсэн байдаг. Энэ хамтлаг 23 жилийн турш хамтдаа байсан учраас BTS ч бас ийм урт хугацаанд хамт байхыг эрмэлзэж байгаа нь илт.

V: Мэдээж хэрэг бид ARMY нараа одоогийнх шигээ үргэлж харж байхыг хүсдэг. Бид ирээдүйд ч шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хамтлагийнхан цэргийн алба хаах талаар тодорхой зүйл ярилцаагүй байгаа боловч цаг нь болохоор нэг шийдэлд хүрэх нь ойлгомжтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button