Сонин содон

Зуныг зугаатай өнгөрүүлж чадах 5 К-драма…

Зуны амралтын хамгийн гоё хэсэг бол цаг хугацааг үл хамааран кино үзэх шүү дээ. Тэр дундаа Өмнөд Солонгосын цувралыг шимтэн үзсээр үүр цайлгадаг уншигчид ч олон байгаа байх.Тэгвэл зун дуусахаас өмнө заавал үзэх кино цувралуудыг санал болгож байна. 2021 онд үзэгчдийн хүртээл болсон сэтгэл догдлуулам таван бүтээлтэй танилцья…

DOOM AT YOUR SERVICE

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.3/10

Үзэх шалтгаан: Хэрэв та уран зөгнөлт, хайр дурлалын төрлийн кино үзэх дуртай бол энэхүү цувралыг онцгойлон санал болгоё. Хорвоо дэлхийг жинхэнээсээ өөрчлөх боломж олдвол та энэ ертөнцийг тийш тэр зүгрүү нь хөтөлж чадах уу?

Сонирхолтой баримт: Гол дүрүүдийн хоршлын тухай уг цувралын найруулагч Kwon Young Il “Seo In Guk-ийн хүйтэн байдал, Park Bo Young-ы гэрэл цацруулсан инээмсэглэлийн хослолоос өөр юу ч энэ цувралыг амилуулж чадахгүй. Тэр хоёрын сэтгэл хөдөлгөм харилцаа зураг авалтын үеэр бүх хүнийг догдлуулж байсан. Үзэгч та үүнийг мэдрэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.

MR.QUEEN

Нийт ангийн тоо: 20

Киноны IMDb үнэлгээ: 8.9/10

Ерөнхий үйл явдал: Хөх Ордны ахлах тогооч Jang Bong Hwan бол алдартай нэгэн. Гэтэл нэгэн өдөр тэр гарцаагүй байдалд орж, өндрөөс унана. Хамгийн сонирхолтой нь тэр ухаан орохдоо Чусоны үеийн хатны биед сэрдэг.

Үзэх шалтгаан: Нууцаар дүүрэн хатны биед сэргэсэн орчин үеийн залуу… Тэр Солонгосын түүхэнд ямар өөрчлөлт авчирсныг та киноноосоо үзээрэй.

Сонирхолтой баримт: Инээдмийн, хайр дурлалын, уран зөгнөлт төрлийн уг цуврал нь гарсан даруйдаа түүхийг гуйвуулсан хэмээн олны шүүмжлэлийг багагүй хүртсэн юм. Гэвч үзэгчдийн хувь буурахгүй явсаар төгсгөлийн ангийн үзүүлэлт улс даяар 17.3 хувьд хүрч чадсан билээ.

MOUSE

Нийт ангийн тоо: 20

Киноны IMDb үнэлгээ: 8.8/10

Ерөнхий үйл явдал: Jung Ba Reum хэмээх сайхан сэтгэлт цагдаагийн ажилтан болон багадаа мөрдөгч Go Moo Chi нар хамтардаг. Гэвч эцсийн дүнд тэдний хэн нь ч хайж байсан хүн нь тийм ойрхон байсныг төсөөлж чадаагүй юм.

Үзэх шалтгаан: Хэн ч, юу ч төсөөлсөн шиг биш. Уншигч та уг цувралаас хором ч холдож чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

Сонирхолтой баримт: Жүжигчин Lee Seung Gi “Миний өмнө нь хэзээ ч бүтээж байгаагүй дүр байсан. Нэг талаараа олон нийтийн намайг хардаг эерэг өнцөг энэхүү дүрийг бүтээхэд илүү тусалсан гэж бодож байна” хэмээн хэлжээ.

LAW SCHOOL

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.2/10

Ерөнхий үйл явдал: Хуулийн сургуулийн профессорын нууцыг тайлахаар хичээх оюутнууд, өөрийн буруугүйг нотлох гэсэн багш… Тэд том асуудалтай тулгарна. Чин үнэн ба шударга ёс зөвхөн хуулиар тогтоогдох ёстой .

Үзэх шалтгаан: Өдөр бүр хичээн суралцаж буй хуулийн сургуулийн оюутнууд болон хэзээд тэднийг хамгаалж, арыг нь дааж чадах Yang багшийн тухай үйл явдлууд таны сэтгэлийг хөдөлгөх болно. Уг бүтээлийг үзсэний дараа та хуулийн чиглэлээр суралцахаар шийдэж ч магадгүй юм.

Сонирхолтой баримт: Цувралын Yang профессорын дүрийг бүтээсэн жүжигчин Kim Myung Min хэлэхдээ “Хичээлийн лекц, оюутнуудын мэтгэлцээн, загвар зэргээс кино баг бүх зүйл дээр хэчнээн нарийвчлан ажилласныг та харах болно. Хууль, шударга ёс гэж яг юу юм бэ гэдгийг энэ кино үзүүлж чадах учраас би Yang багшийн дүрд тоглохоор шийдсэн” хэмээжээ.

MY ROOMMATE IS GUMIHO

Нийт ангийн тоо: 16

Киноны IMDb үнэлгээ: 8.3/10

Ерөнхий үйл явдал: 999 настай есөн сүүлт үнэг Shin Woo Yeo нь 1000 нас хүрэхээсээ өмнө хүн болж чадахгүй бол муу дүрд хувирна.Нэгэн өдөр түүхийн ангийн оюутан Lee Dam-тай таарч санаандгүй байдлаар үнэгний шүрээ алддаг. Уг шалтгаанаар тэд хамт амьдарч эхэлснээр цувралын үйл явдал өрнөх болно.

Үзэх шалтгаан: Есөн сүүлт үнэгний талаар олон кино хийгдсэн ч тэднийг хүн болсон тухай нэг ч цувралд гардаггүй билээ. Тэгвэл есөн сүүлт үнэг энэхүү бүтээлд жирийн хүн болон хувирч чадах болов уу?

Сонирхолтой баримт: Гол дүрийн жүжигчин Lee Hye Ri нь 2015 онд “Reply 1988” цувралд хамтран тоглосон Ryoo Joon Yeol жүжигчинтэй үерхдэг бөгөөд “My Roommate Is Gumiho” киноны зураг авалтын үеэр тэр үргэлж дэргэд нь байж, жүжиглэлтэд нь тусалдаг байжээ. Үүнийг онцолсон шалтгаан нь сүүлийн үед олон жүжигчин, алдартан хосууд завгүй цагийн хуваариас болж салж байгаа шүү дээ.

Related Articles

67 Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button